Улсын дээд шүүх тэргүүллээ.

Монголын шүүхийн шилжин явах цомын төлөөх "Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн-2019” Дорноговь аймгийн Сайншанд хотноо өнгөрсөн баасан, бямба гаригуудад боллоо.

Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг тэмцээнд12 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын дээд шүүхийн баг тамирчид гурав дахь удаагаа түрүүлж, алтан медаль, аваргын цом хүртэв. Мөн Х.Гантулга ахлагчтай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан баг аман хүзүүдэж мөнгөн медалиар шагнуулав. Гуравдугаар байрт, И.Амартөгс ахлагчтай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг шалгарч, хүрэл медаль хүртсэн юм.

 

Тэмцээний "Шилдэг довтлогч”-оор Улсын дээд шүүхийн багийн довтлогч Ц.Билгүүн, "Шилдэг хаалгач”-аар Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын багийн хаалгач Ч.Баатарчулуун, "Шилдэг хагас хамгаалагч”-аар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан багийн тамирчин П.Нармандах, "Шилдэг хамгаалагч”-аар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн багийн тамирчин И.Амартөгс нар тодорлоо.

Монголын шүүхийн шилжин явах цомын төлөөх хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч, сагсан бөмбөгийн спортын мастер С.Олзод, волейболын спортын мастер Ш.Гандансүрэн болон хөлбөмбөгийн спортын мастер А.Эрдэнэт, хөнгөн атлетикийн спортын мастер Г.Манлайбаатар зэрэг спортын мастер цолтой 8 тамирчин, дэд мастер цолтой 5 тамирчин, спортын нэг, хоёрдугаар зэрэгтэй 19 тамирчин оролцсон юм.

Энэ удаагийн тэмцээнийг ерөнхий шүүгчээр "Монголын хөлбөмбөгийн холбоо”-ны Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарын тэргүүн Ч.Батзангиа, шүүгчээр Б.Лхагвабаатар, шугамын шүүгчээр Б.Онцгойбаяр, Э.Мөнхнаран нар ажиллалаа.

Ирэх жилийн уламжлалт тэмцээнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хамтран зохион байгуулахаар болов. 

 

Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газар