ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ БҮТЭН ЖИЛИЙН ТАЙЛАН, МЭДЭЭГ ГАРГАН ХҮРГҮҮЛЭВ

Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны 2020 оны жилийн эцсийн статистикийн тайлан, мэдээг гаргаж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албанд хүргүүлэв.

Тайлангийн хугацаанд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Прокурорын газраас эрүүгийн 182,  цагдаагийн байгууллагаас захиргааны зөрчлийн 212 хэргийг хүлээн авч, эрүүгийн 155, захиргааны зөрчлийн 209 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэд, байгууллагаас 861 нэхэмжлэлийг хүлээн авч, 647 иргэний хэргийг шийдвэрлэсэн бол Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 39 нэхэмжлэлийг хүлээн авч, 34 захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн.

Харин Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн гомдол, эсэргүүцлээр эрүүгийн 83, иргэний 41, захиргааны зөрчлийн 9 хэргийг тус тус хүлээн авч, эрүүгийн 78, иргэний 37, захиргааны зөрчлийн 9 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн тоон мэдээ гарчээ.

Мөн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь иргэд, байгууллага болон шүүхээс 270 өргөдлийг хүлээн авч, 208 өргөдлийг шийдвэрлэсэн. Үүнээс 117 өргөдөл буюу 56.25 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 91 өргөдөл буюу 43.75 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.

Анхан шатны шүүхүүд нь иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид нийт 67.052.888 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлжээ.