ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО

 Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.18)  үдээс хойших нэгдсэн хуралдаан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлаар үргэлжлэв.

Хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнхцэцэг нар оролцсон.

  Нэр дэвшигч Наранчулууны Отгончимэг нь Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар, Дашпунцагийн Эрдэнэчимэг нь Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар, Навагчамбын Баасанжав нь өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байгаа бол нэр дэвшигч Ренчиндоржийн Онончимэг нь Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг нь Улсын дээд шүүх, Практик судлалын хэлтсийн иргэний хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч, референт, хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаа аж.

    Хууль зүйн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан.

    Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хараат бусаар зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг олон талын тэнцвэртэй төлөөллийн үндсэн дээр байгуулна гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш профессор, доктор О.Мөнхсайхан, “Шихихутуг” Их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулсныг дурдлаа.

   Ажлын хэсэг Монгол Улсын шүүхийн тухай хууль, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, шинжлэн судлах, нэр дэвшигч тус бүртэй ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн тодорхой үе шатын хүрээнд 7 сарын хугацаанд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлаар мэдээлэн хүсэлт, материалыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд тус хугацаанд нийт 31 хүн материалаа ирүүлсэн. Ажлын хэсэг хүсэлт, материалыг хүн тус бүрээр хэлэлцэн хууль болон журмын шаардлага хангасан 29 хүнийг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол 2 хүнийг бүртгэхээс татгалзан холбогдох шийдвэрийг гаргасан гэж байлаа.

    Сонгон шалгаруулалтын явцад 3 оролцогч тодорхой шалтгааны улмаас нэрээ татсан бол 1 оролцогч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 оролцогч ажлын хэсгийн ярилцлагад хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Наранчулууны Отгончимэг, Дашпунцагийн Эрдэнэчимэг, Навагчамбын Баасанжав, Ренчиндоржийн Онончимэг, Дорждамбын Зүмбэрэллхам Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан гэв.

    Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Наранчулууны Отгончимэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 86.7 хувь, Навагчамбын Баасанжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь, Ренчиндоржийн Онончимэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь, Дашпунцагийн Эрдэнэчимэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу  71.4 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэнийг тодотгов.

  Нэр дэвшигч болон Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Д.Тогтохсүрэн, Т.Аюурсайхан, С.Чинзориг, М.Оюунчимэг, Д.Ганбат, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Н.Учрал, Б.Жаргалмаа, Н.Энхболд, С.Ганбаатар, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, үг хэллээ.

   Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид Улсын Их Хурлын зарим нэг гишүүдтэй ашиг сонирхлын холбоотой эсэх асуудлаарх өгсөн хариулт, гишүүдийн санал, байр суурьтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авахаа мэдэгдлээ. Тэрбээр энэхүү хэлэлцүүлгээр нэр дэвшигчдийн ашиг сонирхлын холбоог асуулт, хариултаар тогтоохгүй. Иймд нэр дэвшигчид энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, Авлигатай тэмцэх газраас хариу ирсний дараа хуралдах шаардлагатай гэв.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай  тогтоолын төслийг баталлаа

    Үргэлжлүүлэн Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар оролцсон

    Нэр дэвшигч Цэвээнсүрэнгийн Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Доржгочоогийн Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, Думбурайн Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, Хашгамбайн Хашбаатар нь Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаа аж.

    Хууль зүйн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

 

    Тэрбээр танилцуулгадаа,   Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсныг онцлоод Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсныг дурдсан.

    Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлаар мэдээлэн хүсэлт, материалыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд хүлээн авсан бөгөөд тус хугацаанд нийт 27 хүн материалаа ирүүлсэн гэдгийг С.Бямбацогт гишүүн санал, дүгнэлтдээ дурдахын зэрэгцээ Ажлын хэсэг хүсэлт, материалыг хүн тус бүрээр хэлэлцэн хууль болон журмын шаардлага хангасан 24 хүнийг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол 3 хүнийг бүртгэхээс татгалзан холбогдох шийдвэрийг гаргасан. Сонгон шалгаруулалтын явцад 1 оролцогч тодорхой шалтгааны улмаас нэрээ татаж, нийт 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Цэвээнсүрэнгийн Давхарбаяр, Доржгочоогийн Ариунтуяа, Думбурайн Мягмарцэрэн, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Хашгамбайн Хашбаатар нарыг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулгадаа онцлов.

    Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Хашгамбайн Хашбаатарыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй буюу 100 хувь, Доржгочоогийн Ариунтуяаг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.4 хувь, Думбурайн Мягмарцэрэнг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.1 хувь, Цэвээнсүрэнгийн Давхарбаярыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь, Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.5 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

   Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Ж.Сүхбаатар, Ц.Туваан, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн  нар асуулт асууж, үг хэлсний дараа   Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалтыг явуулав.

   Нэр дэвшигч Ц.Давхарбаярыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4, нэр дэвшигч Д.Ариунтуяаг 79.1, нэр дэвшигч Д.Мягмарцэрэнг 86.0, нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг 76.7, нэр дэвшигч Х.Хашбаатарыг 84.1 хувь нь тус тус дэмжсэн тул “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.

    Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилсонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэлэв.

    Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас эдгээр хүмүүсийг сонгон шалгаруулах ажлыг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл найман сарын хугацаанд олон нийтэд нээлттэй, ил, тод зохион байгуулж өнөөдөр эцсийн шийдвэрийг гаргаж байна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн бүртгүүлж, сонгон шалгаруулалтад оролцлоо. Шүүгч бус гишүүдийг  ийнхүү томилсноор бие даасан, хараат бус, шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал хэрэгжих үндсэн нөхцөл бүрдэж байгааг онцлон тэмдэглэсэн.

    Мөн нэр дэвшигчдийг бүртгэх, мэдээлэх, тэднийг судлах, ярилцлага зохион байгуулах, Томилгооны сонсгол зохион байгуулах зэрэг нөр их ажлыг Ажлын хэсэг амжилттай хэрэгжүүлсэн. Төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхлоос ангид байж, шударга ажилласан гэдэгт итгэж байна. Хэлэлцүүлгийн явцад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг боловсронгуй болгох, нээлттэй сонсголын журмаа олон нийт, иргэдэд илүү оролцоотой болгох зэрэг багагүй асуудалд Ажлын хэсэг анхаарч ажиллах нь зүйтэй. Улсын Их Хурал шүүхийн шинэчлэлийг эхлүүлж, гагцхүү хуульд захирагдан ажиллах тогтолцоог бүрдүүлэх, шүүх, шүүгчдийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, хууль, ёс зүйг зөрчсөн шүүгчдэд сахилга хариуцлага ногдуулах, сонгон шалгаруулалтад иргэд, олон нийтийн оролцоог хангах бодлого, зарчим дэвшүүлэн ажиллаж байна гэв.

    Шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоо удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөл гэх мэт янз бүрийн субъектээс хөндлөнгөөс энэ процесст оролцож тарамдуулж ирсэн нь сахилга хариуцлагын тогтолцоог тогтворгүй, үр нөлөөгүй болгож байгаа учраас шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллуулахаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Үүний үзэл баримтлал нь Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах болон бусад туршлагатай иргэдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэй бүрдүүлэхэд чиглэсэн. 2014-2018 оны хооронд нийт 71 шүүгчид сахилгын арга хэмжээг Шүүхийн ёс зүй хороо авсан байдаг. Эдгээрийн ихэнх нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж ердөө 15 нь сахилгын шийтгэл хүлээсэн байна. Үүнд янз бүрийн шалтгаан бий. Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийн чанарын асуудал байсныг үгүйсгэхгүй. Ийм учраас хуулийн буруу зохицуулалтаас болж сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй, шүүхийн нэр хүнд унах, шүүхэд итгэх итгэл алдардаг байсан зэрэг энэ бүх алдаа завхарлыг засахын тулд шүүхийн шинэчлэл хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв.

    Шүүхийн сахилгын хорооны гишүүд та бүхэн дээрх сайн эрх зүйн орчинд ажиллах, Үндсэн хуулийн шинэ байгууллагын анхны гишүүд болж байгаагаа гүнээ ухамсарлахыг Улсын Их Хурлын дарга анхааруулаад, та бүхэн яаж ажиллахаас энэ байгууллагын үр үндэс, жишиг тавигдана. Нэг талаар, Сахилгын хороо эрх мэдлээ урвуулан ашиглаж, хэн нэгний нөлөөнд орж, шүүгчийн хараат бус байдалд халдаж болохгүй. Нөгөө талаас, хараат бус байдал нэрийн дор хариуцлагагүй, сахилгагүй байдлыг хаацайлж, аялдан дагалдаж болохгүй гэж байлаа.

    Мөн тэрбээр, Шүүгч сахилгын зөрчил гаргана гэдэг бол шүүхэд, төрд итгэх олон нийтийн итгэлийг эвдэж буй хэрэг. Тиймээс, үүнийг шалгаж шийдвэрлэх нь олон нийтийн итгэлийг хамгаалж буй хэрэг. Ийм учраас ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал та бүхэнд хүлээлгэж байна. Та нар муу ажиллавал шүүхэд итгэх итгэл сэргэхгүй, сайн ажиллавал сэргэнэ. Шүүхэд итгэх итгэл үгүй бол хуульд итгэх итгэл үгүй болно. Аливаа, маргааныг хуулиар бус өөр аргаар шийдэх байдал руу шилжинэ. Хуулийн бус, хүний засаглал буй болно гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ шүүгч хүний амьдралыг шийддэг тул хуульчаас өндөр сахилга, ёс зүйг шүүгчээс шаарддаг. Харин, сахилгын хорооны гишүүн бол шүүгчийн сахилгын хэрэг шийдэх учраас та бүхэн шүүгчээс өндөр ёс зүй, сахилгын үүрэг хүлээлгэсэн. Шүүхийн тухай хуулиар шүүгчид хориглосон, үүрэгжүүлсэн бүх заалт болон үүнээс илүү олон үүрэгт та бүхэн захирагдана. Жишээлбэл, сахилгын хэргийг шийдээгүй байхдаа байр сууриа хэлэхгүй, зохисгүй байдал гаргахгүй гэх мэт. Энэ үүрэг, хориглолтыг зөрчвөл та бүхэнд харуулахаас эхлээд огцруулах хүртэлх шийтгэл оногдуулах үндэслэл, журам хуульд байгааг онцгойлон анхааруулсан.

   Хууль зүйн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд томилгооны сонсголыг зохион байгуулж Та бүхний хэн нь хэн бэ гэдгийг олон нийтэд таниулсан. Энэ нэн чухал ажил үүргийг биелүүлж чадна хэмээн итгэж та нарыг Улсын Их Хурлаас томиллоо. Монголын ард түмэн, Улсын Их Хурал та нарт маш их итгэл хүлээлгэж, их зүйл хүсэн хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Шүүхийн шинэчлэл амжилтад хүрэх эсэх, шүүхэд шударга ёс хэрэгжих эсэх нь Та бүхнээс ихээхэн хамаарна гэв.

 

    Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилогдож буй нь өндөр албан тушаал, зөөлөн суудалд очиж байгаа хэрэг биш. Энэ бол хүн засагладаггүй, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх, шүүхэд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, шүүх, шүүгчдийн үйл ажиллагааг эрс шинэчлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг эргүүлэн авчрах, шүүх засаглалын нэр хүндийг өргөх ард түмнээс өгч буй үүрэг даалгавар шүү гэдгийг хатуу анхааруулаад ёс зүй, сахилга хариуцлагыг эрхэмлэж, шударга ёсны үлгэр дуурайл болж, шүүхэд төдийгүй нийт нийгэмд шударга ёс тогтоохын төлөө чин сэтгэлээр зүтгэж ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.