“ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН” ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал нь шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөн гавьяаны амралтандаа гарч байгаатай холбогдуулан хамт олноос нь “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав.

Хуралдаанд Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн Тамгын газрын албан хаагчид төдийгүй аймгийн Прокурорын газар, Цагдгаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариат зэрэг хуульчид оролцож, эрхэм шүүгчид хүндэтгэл үзүүлсэн.

Хуралдааныг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал нээж эхлүүлсэн ба шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигийг уншиж сонсгон, тус шүүгчийн намтрыг танилцуулан үргэлжлүүлсэн.

Мөн энэ үеэр Ерөнхий шүүгч Н.Насанжаргал болон хуралдаанд оролцож буй шүүгч, зочид төлөөлөгчдөөс дурсамж сэтгэгдлээ хуваалцаж, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа Ерөнхий шүүгч Н.Насанжаргалд өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөлийг дурсгал болгон хадгалуулах хүндэтгэлийн ёслолыг үйлдсэн.

Ийнхүү шүүхийн он цагийн хэлхээс дурсамжит бичлэг болон Өмнөговь аймгийн шүүхийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Төрийн шүүгч” хэмээх уран бүтээлийг толилуулж, дурсгалын зураг татуулсанаар “Хүндэтгэлийн хуралдаан” ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болсон эрхэм шүүгчдээ цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.