Анхан шатны шүүхийн бүрэн эрх

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулиас

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

АНХАН ШАТНЫ ШҮҮХ     

22 дугаар зүйл. Анхан шатны шүүх

      22.1.Анхан шатны шүүхийн тогтолцоо нь дараах бүтэцтэй байна:

           22.1.1.дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;

           22.1.2.дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

           22.1.3.захиргааны хэргийн анхан шатны шүүх;

           22.1.4.сум буюу сум дундын шүүх.

      22.2.Сум буюу сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно.

      22.3.Анхан шатны шүүх тодорхой хэрэг, маргааны төрлөөр насанд хүрээгүй хүмүүсийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргааны зэрэг танхимтай байж болно.

      22.4.Энэ хуулийн 22.3-т заасан танхимыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Улсын дээд шүүх тухайн шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн байгуулна.

      22.5.Анхан шатны шүүх "анхан шатны... дугаар/дүгээр шүүх” гэсэн улсын хэмжээний нэгдсэн дэс дугаартай байх бөгөөд энэ нь түүний албан ёсны нэр, хаяг болно.

      22.6.Анхан шатны шүүх нь шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болох бөгөөд ийнхүү ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

 

23 дугаар зүйл. Анхан шатны шүүхийн бүрэн эрх

       23.1.Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

             23.1.1.хуулиар харьяалуулсан эрүүгийн болон захиргааны хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

             23.1.2.анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

             23.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.