ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

            Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1931 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийг, ангийн шүүх нэгийн хамт байгуулахаар шийдвэрлэсэн.

            Энэ шийдвэрүүдийн дагуу 1931 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд Өмнөговь аймгийн төлөөлөгчид анхдугаар хурлаа хийж ардын шүүхийг байгуулжээ.

         1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ”Шүүх байгуулах тухай” хуулиар аймгийн шүүх, Сум дундын шүүх гэсэн бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн ба 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймагт Захиргааны хэргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар Өмнөговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх Ханбогд суманд байгуулагдсан.

          2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн "Шүүх байгуулах тухай” хуулиар Өмнөговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалсан Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Өмнөговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалсан Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх, Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Гурвантэс, Даланзадгад, Мандал-Овоо, Номгон, Ноён, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сумдыг харьяалсан Сум дундын 15 дугаар шүүх болж өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Өмнөговь, Дундговь, Төв аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалсан Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Өмнөговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалсан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Гурвантэс, Даланзадгад, Мандал-Овоо, Номгон, Ноён, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сумдыг харьяалсан Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болж өөрчлөн байгуулагдсан.

          Мөн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар давж заалдах шатны шүүх нь Өмнөговь аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харьяалсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болж өөрчлөгдсөн ба эдүгээ Даланзадгад суманд анхан болон давж заалдах шатны 4 шүүх, 1 шүүхийн Тамгын газар 37 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР