Шийдвэрийн тойм

ХОХИРОГЧ НАС БАРСНААС ГЭМ ХОР УЧРУУЛСНЫ ТӨЛБӨРИЙГ ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭД ТӨЛНӨ

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/29 дугаар магадлал

Шийдвэрийн тойм: №01 2023.01.10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-ийн баруун гарын тохойн дотор хэсэгт заазуураар цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос Н-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Н-ийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Н-ээс талийгаачийн насанд хүрээгүй 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд хүүхэд тус бүрт сар болгон ...төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч “амь хохирогчийг бүлэглэн зодож бие махбодод нь гэмтэл учруулсан” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах тухай, хохирогчийн эхнэр нь 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг талийгаачийн авч байсан цалингийн хэмжээнээс тооцож гаргуулахаар тус тус гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын дагуу хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин хохирогчийн эхнэрийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь, анхан шатны шүүх нь нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджийг 2022.01.01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримталж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаагаар тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн. Зүй нь гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлах ёстой. Иймд уг журамд “дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэснийг баримталж амь хохирогчийн дундаж цалин хөлсийг тооцон, шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн насанд хүрээгүй хүүхдүүдийг 18 нас хүртэл хүүхэд тус бүрд сар тутам...  төгрөгийг Н-ээс гэм хор учруулсны төлбөрт тооцон гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/15825?daterange=2022-07-01%20-%202023-01-16&id=2&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨРС БОХИРДУУЛЖ, ГАЗРЫГ ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛААГҮЙ БОЛ УГ ЗӨРЧИЛД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.18-ны өдрийн 120/ШШ2022/0009

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын огноо, дугаар: 2023.02.02 №01  

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Эрдэнэс таван толгой ХК-иас Говьсүмбэр аймаг чиглэлийн нүүрс тээврийн машинууд маршрутын замаар явахгүй олон салаа зам гарган, байгаль орчин хөрс бохирдуулан, газрыг зүй зохистой ашиглаагүй зөрчилд шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч Төрийн бус байгууллага болон Зам, тээврийн хөгжлийн сайдын хооронд Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ байгуулж, тус төрийн бус байгууллага нь Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай маршрутын замаар олон салаа зам гаргахгүй тээвэрлэлт хийх, тээвэрлэлтийг хяналттай, эмх цэгцтэй явуулах, мөн зам ашиглахтай холбоотой гарсан аливаа хариуцлагыг хүлээх үүрэг тусгагдсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Зам, тээврийн хөгжлийн яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, уг хамтран ажиллах гэрээг цуцалсан бөгөөд Төрийн бус байгууллагаас “манайх газар эзэмшигч, ашиглагч этгээд биш тул хариуцлага хүлээхгүй, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байхад Улсын байцаагч торгууль оногдуулсан нь хууль бус” гэх бөгөөд харин зөрчил гаргаагүй гэж үгүйсгэж маргаагүй болно.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөрчлийг шалгаж, маргаан бүхий газарт үзлэг явуулж, уг үзлэгт байгаль экологийн шинжээч, хөрс судлаач, ургамал судлаач, биологич нарыг оролцуулан, мэргэжлийн техник хэрэгсэл, хэмжигч багаж ашиглан хөрсний дээж авч, агаарын бохирдлын хэмжилт хийж, маршрутын замтай зэрэгцэн олон салаа зам үүсэж, газрын хөрс эвдрэлд оруулсан зэргийг фото зургаар баримтжуулж, зөрчлийг хуульд заасан арга, хэрэгслээр нотолж тогтоожээ.

Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол уг зөрчилд шийтгэл оногдуулахгүй гэж заасан бөгөөд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нэгэнт зөрчил үйлдэгдсэн болохыг бүрэн дүүрэн тогтоосон тул Шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь үндэслэлтэй, хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн. 

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/9316?daterange=2022-01-30%20-%202022-06-30&id=1&court_cat=3&bb=1

https://shuukh.mn/single_case/5006?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа

ГЭЭГДЭЛ ЭД ХӨРӨНГӨ ЗАВШСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийдвэр.

Шүүхийн шийдвэрийн тойм: №01, 2023.01.09

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.                                                                  

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Г-ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар “Иргэн Г нь эгчийнхээ гэрээс гараад ажилдаа явахдаа асфальтан замын хажуугаас Samsung galaxy А-22 маркийн гар утсыг олсон ба уг утас унтарчихсан цэнэггүй байсан тул гар утсыг өөрийнхөө гэрт 7 хоног хадгалсны дараа аймгийн төвд байрлах утас засварын газарт очиж программ уншуулж, шилэн наалт болон гар утасны гэр, цэнэглэгч зэргийг өөрчилж, өөрийн хэрэгцээнд ашигласан байна.

Эрүүгийн хуульд гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан байна.

Иргэн Г-ийн үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж гэм буруутайд тооцсон ба түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

АЖИЛ ОЛГОГЧ НЬ АЖИЛТНЫГ АЖЛААС БУРУУ ХАЛСАН ТОХИОЛДОЛД АЖИЛД ЭГҮҮЛЭН ТОГТООЖ, АЖИЛГҮЙ БАЙСАН ҮЕИЙН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОНО

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 446 дугаартай шийдвэр.

Шийдвэрийн тойм: №01, 2023.02.06

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.   

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч “А” нь “Б” ХХК-д холбогдуулан “... намайг өөрийн удирддаг хэсгийн ажилтнуудын хөдөлмөрийн процесст хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм...” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “... А нь ажилтнуудын ажлын цагийн ашиглалтад хяналт тавьж, ажил үүргийг хуваарилах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийн хянах үндсэн чиг үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 8-р сарын 11 -ны өдөр бүрэн бус бүрэлдэхүүнтэй ажил эхэлсэнд хяналт тавиагүй. Үүний улмаас нэг хүнд ноогдох бүтээлийн хэмжээ буурч компанид 4 769 692 төгрөгийн хохирол учирсан байна...” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус тус маргасан.

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

Хариуцагч “Б” ХХК нь ажилчдын аюулгүй ажиллагаа, цаг бүртгэлтийг хариуцах үүрэг бүхий ажилтан буюу өөр этгээдэд сахилгын шийтгэлийг оногдуулахдаа ялгамжтай оногдуулсан нь тогтоогдсон, түүнчлэн адил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзвэл шийтгэлийг ялгамжтай оногдуулах тухай эрх зүйн үндэслэлээ ажил олгогч нотлоогүй, хуульд заасан шат дараалсан сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/125090?daterange=2022-09-30%20-%202022-09-30&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр.