Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Зам хариуцагч, эзэмшигч компаниудаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулна

Зам хариуцагч, эзэмшигч компаниудаас

бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулна

Шийдвэрийн огноо, дугаар: 2023/ДШМ/05, 2023.02.09

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй

Шүүгдэгч А нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт авто замын 3-аас 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто зам дээр үүссэн замын эвдрэлийг тойрох үйлдлийг хийхдээ өөдөөс яваа Б-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б нь мөн цаг хугацаанд болон мөн газарт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж А-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Прокуророос Б, А нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б, А нарыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ...хасаж, хорих ял оногдуулахгүйгээр .. хугацаагаар тус тус тэнсэж, иргэний хариуцагч “А” ХХК-аас 18045000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “З” ХХК-д, иргэний хариуцагч “Г” ХХК-аас 9022500 төгрөгийг, иргэний хариуцагч “Э” ХХК-аас 9022500 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “З” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Авто ослын улмаас “З” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 44490000  төгрөгийн, “А” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 5459000 төгрөгийн хохирол учирсан.

Иргэний хариуцагч “Э“ болон “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т, Б  нар нь шүүхийн шийдвэрт гэм буруутай этгээд нь “Э” болон “Г” ХХК гэж дүгнээгүй байж холбогдох эд хөрөнгийн хохирлыг хариуцуулж хоорондоо ялгаатай харилцааг нэгтгэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах гомдол гаргасан.

Зам хариуцагч “Г” ХХК, зам эзэмшигч “Э” ХХК нь  өдөр тутам авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх талаарх гэрээ, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн ослын улмаас бусдын эд хөрөнгөнд учирсан хохирлыг  Иргэний хуульд зааснаар дээрх хоёр компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг  давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих