Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн гэмт хэрэгт тооцож ял оногдуулна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн гэмт хэрэгт тооцож ял оногдуулна.
Шийдвэрийн дугаар: 2025/ШЦТ/02
Шийдвэрийн огноо: 2024.12.23
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн хураангуй: №1 2025.01.28
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Э.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024.05.22-ны өдрөөс 2025-05-22 өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дэлгүүр орох шалтгаанаар Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, улмаар цагдаагийн алба хаагч зогсоож саатуулсан нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогддог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.Г-ийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдох тул шүүх хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй юм.
Иймд шүүх Э.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.