Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Шүүхийн шийдвэрийн тойм
2023-02-03
75

Байгаль орчин, хөрс бохирдуулж, газрыг зүй зохистой ашиглаагүй бол уг зөрчилд шийтгэл оногдуулна

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.18-ны өдрийн 120/ШШ2022/0009

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын огноо, дугаар: 2023.02.02 №01  

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Эрдэнэс таван толгой ХК-иас Говьсүмбэр аймаг чиглэлийн нүүрс тээврийн машинууд маршрутын замаар явахгүй олон салаа зам гарган, байгаль орчин хөрс бохирдуулан, газрыг зүй зохистой ашиглаагүй зөрчилд шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч Төрийн бус байгууллага болон Зам, тээврийн хөгжлийн сайдын хооронд Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ байгуулж, тус төрийн бус байгууллага нь Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай маршрутын замаар олон салаа зам гаргахгүй тээвэрлэлт хийх, тээвэрлэлтийг хяналттай, эмх цэгцтэй явуулах, мөн зам ашиглахтай холбоотой гарсан аливаа хариуцлагыг хүлээх үүрэг тусгагдсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Зам, тээврийн хөгжлийн яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, уг хамтран ажиллах гэрээг цуцалсан бөгөөд Төрийн бус байгууллагаас “манайх газар эзэмшигч, ашиглагч этгээд биш тул хариуцлага хүлээхгүй, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байхад Улсын байцаагч торгууль оногдуулсан нь хууль бус” гэх бөгөөд харин зөрчил гаргаагүй гэж үгүйсгэж маргаагүй болно.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөрчлийг шалгаж, маргаан бүхий газарт үзлэг явуулж, уг үзлэгт байгаль экологийн шинжээч, хөрс судлаач, ургамал судлаач, биологич нарыг оролцуулан, мэргэжлийн техник хэрэгсэл, хэмжигч багаж ашиглан хөрсний дээж авч, агаарын бохирдлын хэмжилт хийж, маршрутын замтай зэрэгцэн олон салаа зам үүсэж, газрын хөрс эвдрэлд оруулсан зэргийг фото зургаар баримтжуулж, зөрчлийг хуульд заасан арга, хэрэгслээр нотолж тогтоожээ.

Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол уг зөрчилд шийтгэл оногдуулахгүй гэж заасан бөгөөд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нэгэнт зөрчил үйлдэгдсэн болохыг бүрэн дүүрэн тогтоосон тул Шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан нь үндэслэлтэй, хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн. 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/9316?daterange=2022-01-30%20-%202022-06-30&id=1&court_cat=3&bb=1

https://shuukh.mn/single_case/5006?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа

Эхлэлд очих