Монгол Улсын шүүхийн 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулав
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ болон шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа, Мэдээлэл технологийн газрын дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг нар оролцож, мэдээлэл хийсэн юм.
Шүүх 2022 онд 106932 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ
Монгол Улсын шүүх 2022 онд 106932 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх 2022 онд эрүүгийн 14202 хэрэг, иргэний 57633 хэрэг, захиргааны 2096 хэрэг, зөрчлийн 24116 хэрэг нийт 98047 хэргийг хянан шийдвэрлэж, 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 17.7 хувиар, иргэний хэрэг 26.8 хувиар, захиргааны хэрэг 18.8 хувиар, зөрчлийн хэрэг 9.9 хувиар тус тус өссөн байна.
Давж заалдах шатны шүүх 2022 онд эрүүгийн 2312 хэрэг, иргэний 3048 хэрэг, захиргааны 636 хэрэг, зөрчлийн 636 хэрэг нийт 5996 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 9.8 хувиар, иргэний хэрэг 20.5 хувиар, захиргааны хэрэг 8.8 хувиар, зөрчлийн хэрэг 35.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Хяналтын шатны шүүх 2022 онд эрүүгийн 188 хэрэг, иргэний 1291 хэрэг, захиргааны 84 хэрэг, нийт 1563 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 41.6, иргэний хэрэг 19.1 хувиар, захиргааны хэрэг 42.1 хувиар тус тус буурсан дүнтэй гарчээ.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүхийн ачааллыг 16,9 хувиар бууруулжээ
Монгол Улсын шүүхээр 2022 оны бүтэн жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 22059 өргөдлөөс шийдвэрлэсэн 14646 өргөдлөөс 9373 буюу 64.0 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 5373 буюу 36.0 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Эвлэрэл амжилттай болсон хувь нь өмнөх оноос 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үзүүлэлтийг Монгол Улсын иргэний хэргийн нийт шүүхийн шийдвэрлэсэн хэргийн үзүүлэлттэй харьцуулахад 16.9 хувьтай тэнцэж байгаа нь энэ хирээр ачааллыг бууруулсан гэж үзэхээр байна.
Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 17,7 хувиар өссөн
Монгол Улсын хэмжээнд 2022 оны бүтэн жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 17.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 27.8 хувиар тус тус өссөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 16353 хүн, 10 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14394 хүн, 10 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 1583 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.
Зарим гэмт хэргийн тоо өсөв(Хүчиндэх, Залилах гэмт хэрэг өссөн дүнтэй байна)
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1091 хэргээр буюу 21.8 хувиар,
хулгайлах гэмт хэрэг 345 хэргээр буюу 27.5 хувиар,
залилах гэмт хэрэг 79 хэргээр буюу 10.7 хувиар,
авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 286 хэргээр буюу 36.3 хувиар тус тус өссөн байна.
Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:
хүнийг авах гэмт хэрэг 18 хэргээр буюу 9.1 хувиар,
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2 хэргээр буюу 2.0 хувиар,
хүн худалдаалах гэмт хэрэг 3 хэргээр буюу 50.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.
Шүүх торгох ялыг түлхүү оноожээ
Монгол Улсын хэмжээнд 2022 оны бүтэн жилд шүүхээс торгох ялаар нийт 8165 хүн, 10 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1552 хүн, хорих ялаар 2919 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 1761 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.
Өнгөрсөн оноос торгох ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 47.2 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 2.2 хувиар, зорчих эрхийг хязгаарлах ялаар ял шийтгүүлсэн хүний тоо 67.9 хувиар, хорих ял шийтгүүлсэн хүний тоо 15.9 хувиар тус тус өссөн байна.
Шүүхээс 8165 хүн, 10 хуулийн этгээдийг нийт 11 тэрбум 369 сая 847 мянга 200 төгрөгийн торгох ялаар шийтгэжээ.
Цагдан хорих зөвшөөрлийн тоо 10.2 хувиар өсөв
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн 3158 хүний 2592 буюу 82.1 хувийг нь цагдан хорьж, 202 хүн буюу 6.4 хувьд нь шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 67 буюу 2.1 хувийг шүүгч цадан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, 297 буюу 9.4 хувийг шүүгч цагдан хорихоос татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв
Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2022 оны бүтэн жилд харьяаллын дагуу зөрчлийн 24116 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 3756 шийдвэрийг хянасан байна. 43 хуулийн этгээд, 4194 хүнд торгох шийтгэл, 20164 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 707 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 636 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 331 хэрэг буюу 52.0 хувьд нь хэвээр үлдээж, 67 хэрэг буюу 10.5 хувьд нь шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 69 хэрэг буюу 10.8 хувьд нь шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж, 169 буюу 26.6 хувьд нь албадлагын арга хэмжээг хөнгөрүүлж эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг 26.8 хувиар өссөн
Тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өсөв. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 12189 хэрэг буюу 26.8 хувиар өссөн байна. Иргэний хэрэг ийнхүү өсөхөд банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 2418 хэргээр буюу 65.7 хувиар, Гэр бүлийн тухай хуулиар шийдсэн маргаан 1573 хэргээр буюу 33.5 хувиар, Зээлийн гэрээтэй холбоотой маргаан 2016 хэргээр буюу 42.2 хувиар, Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 2681 хэргээр буюу 89.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг тоо өмнөх оны мөн үеэс 519 хэргээр буюу 20.5 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 305 хэргээр буюу 19.1 хувиар буурсан байна.
Захиргааны хэрэг 2.2 хувиар өсчээ
Тайлант хугацаанд шийдвэрлэсэн захиргааны нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өсөв. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 332 хэрэг буюу 18.8 хувиар өссөн байна. Газрын маргаан 8 хэргээр буюу 1.9 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 262 хэргээр буюу 3.1 дахин, татварын маргаан 8 буюу 9.4 хувиар, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 3 хэргээр буюу 5.6 хувиар, тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан 1 хэргээр буюу 5.9 хувиар, авто тээвэр, авто тээврийн улсын байцаагчийн акттай холбоотой маргаан 3 хэргээр буюу 2 дахин, бусад төрлийн маргаан 103 хэргээр буюу 36.8 хувиар тус тус өссөн бол төрийн албаны маргаан 53 хэргээр буюу 17.4 хувиар, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой маргаан 10 хэргээр буюу 13.3 хувиар, сонгуулийн маргаан 2 хэргээр буюу 10.0 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 10 хэргээр буюу 52.6 хувиар тус тус буурсан байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд ударга өрсөлдөөнийг хянан зохицуулах, хэрэглэгчийн эрх, ашигтай холбоотой 7 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 64 хэргээр буюу 8.8 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 61 хэргээр буюу 42.1 хувиар буурсан байна.
Нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
2022 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт 15 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаараа хэлэлцэн тухайн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүнээс:
9 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг шийдвэрлэсэн.
6 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэлд шалгах ажиллагаа явагдаж байна.
Шийдвэрлэсэн 9 нөлөөллийн мэдүүлгийн хувьд:
4 нөлөөллийн мэдүүлэгт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан.
1 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
1 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
3 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн шүүгчид нөлөөлсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн.
Сүүлийн үед шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан олон нийтийн цахим сүлжээгээр ажил хэргийн нэр хүндэд нь халдах, илт худал мэдээлэл түгээж үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, заналхийлэх болон шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны дэг зөрчих, хуралдаан даргалагчийг доромжлох, өөрт таалагдаагүй шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана, хэргийн талаар олон нийтэд мэдээлнэ гэх мэтээр дарамтлах зэрэг арга хэлбэрээр шүүгчид нөлөөлөх, хараат бус байдалд нь халдах оролдлого зонхилон гарч байна.
Хэвлэлийн бага хурлыг хэвлэл мэдээллийн 35 байгууллагын 50 орчим сэтгүүлч сурвалжлав.
Хэвлэл мэдээллийн хэлтэс