Шүүхийн шийдвэрийн тойм
ТӨРИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ХУУЛЬ БУСААР ТОМИЛОГДСОН ЭТГЭЭДИЙГ ТУСГАЙ ШАЛГАЛТАД БҮРТГЭХГҮЙ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.06-ны өдрийн 120/ШШ2022/0018
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын огноо, дугаар: 2023.03.03 №02
Иргэн Э-ээс Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн Э-г аймгийн Орон нутгийн өмчийн газрын ... албаны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгээгүйг хүчингүй болгуулж, бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан.
Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны Б/02 дугаар тушаалаар Э-г тус газрын ... албаны даргын албан тушаалд томилсныг Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолоор “Э-г Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин томилсон байх тул хууль зөрчин томилсон шийдвэрээ өөрөө хүчингүй болгох, болгоогүй тохиолдолд хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөл хүчингүй болгохыг мэдэгдсэн.
Гэвч Орон нутгийн өмчийн газрын дарга Э-г томилсон шийдвэрээ хүчингүй болгоогүй тул Төрийн албаны зөвлөлийн 327 дугаар тогтоолоор Э-г томилсон тушаалыг хүчингүй болгож, тус газрын ... албаны даргын албан тушаалын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, нөхөхийг тус байгууллагын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Э нь 2010 онд төрийн захиргааны албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрийн улс төрийн албан тушаалд, мөн хувийн хэвшилд ажиллаж байгаад 2021 онд тус газарт албаны даргын албан тушаалд томилогдсон.
Э-г албан даргаар томилсон тушаалыг Төрийн албан зөвлөлөөс хүчингүй болгосноор төрийн удирдах албан тушаалтан биш болох бөгөөд 2010 онд өөрийн хүсэлтээр төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөгдсөн тул төрийн албаны нөөцөд байгаа гэж үзэх ч боломжгүй тул төрийн албаны тусгай шалгалтад бүртгэх боломжгүй, харин төрийн албаны ерөнхий шалгалт өгч, одоогийн шалгалтад бүртгүүлэх боломжтой... гэж Өмнөговь аймгийн Төрийн албан зөвлөлийн Салбар зөвлөл шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэр, магадлалыг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/11514?daterange=2021-01-01%20-%202023-01-01&id=1&court_cat=3&bb=1
https://shuukh.mn/single_case/5395?start_date=&end_date=&id=2&court_cat=3&bb=1
Тойм бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа