Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Шүүхийн шийдвэрийн тойм
2023-03-22
91

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНД НИЙЦҮҮЛЭН ГАРГАСАН ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫГ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭМТ ХЭРГИЙГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХГҮЙ ХҮН ҮЙЛДСЭН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.14-ний өдрийн 32 дугаартай шийдвэр.

Шүүхийн шийдвэрийн тойм: №32, 2023.02.14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Иргэн “О” нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөөний 07 цагаас 08 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр буюу 5 дугаар сургуулийн урд талын хатуу хучилттай 4 замын уулзвар хэсэгт улсын дугааргүй “UB мото” нэртэй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Жолоочийн үүрэг 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин осол гаргаж, иргэн Б.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. 

Прокуророос “О”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас үйлдэгдсэн байхыг шаардана.

Шүүгдэгч “О” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж үзнэ.

Энэхүү гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч “О” нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэв.        

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулсан байна.

Шүүх шүүгдэгчийг хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

Иймд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол, төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх эрхээр хангуулах зэргийг үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэж, шүүгдэгч “О”-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/85157?daterange=2023-01-01%20-%202023-03-22&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя

Эхлэлд очих