Шүүхийн шийдвэрийн тойм
ЗАМ ХАРИУЦАГЧ, ЭЗЭМШИГЧ КОМПАНИУДААС
БУСДЫН ЭД ХӨРӨНГӨД УЧИРСАН ХОХИРЛЫГ ГАРГУУЛНА
Шүүхийн шийдвэрийн тойм: №2023/ДШМ/05, 2023.02.09
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч А нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт авто замын 3-аас 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто зам дээр үүссэн замын эвдрэлийг тойрох үйлдлийг хийхдээ өөдөөс яваа Б-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б нь мөн цаг хугацаанд болон мөн газарт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж А-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Прокуророос Б, А нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Б, А нарыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ...хасаж, хорих ял оногдуулахгүйгээр .. хугацаагаар тус тус тэнсэж, иргэний хариуцагч “А” ХХК-аас 18045000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “З” ХХК-д, иргэний хариуцагч “Г” ХХК-аас 9022500 төгрөгийг, иргэний хариуцагч “Э” ХХК-аас 9022500 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “З” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Авто ослын улмаас “З” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 44490000 төгрөгийн, “А” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нийт 5459000 төгрөгийн хохирол учирсан.
Иргэний хариуцагч “Э“ болон “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т, Б нар нь шүүхийн шийдвэрт гэм буруутай этгээд нь “Э” болон “Г” ХХК гэж дүгнээгүй байж холбогдох эд хөрөнгийн хохирлыг хариуцуулж хоорондоо ялгаатай харилцааг нэгтгэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах гомдол гаргасан.
Зам хариуцагч “Г” ХХК, зам эзэмшигч “Э” ХХК нь өдөр тутам авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх талаарх гэрээ, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн ослын улмаас бусдын эд хөрөнгөнд учирсан хохирлыг Иргэний хуульд зааснаар дээрх хоёр компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/16468?daterange=2023-01-01%20-%202023-03-28&id=2&court_cat=2&bb=1&fbclid=IwAR1OnO32oSLJeMf9Zq1QgiPAiqzyMqU66XlwQzP9AbS1_DrIOfgj6yBAtWA
Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа