Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.11.30-ны өдрийн 120/ШЗ2022/0150

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд М-ээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасны дагуу Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаас М-ийн хүсэлтийг хангаж, уг хэргийг дахин хянуулахаар шийдвэрлэжээ.

Гэтэл Ж ХХК-иас Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт “...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэл болсон иргэн М-ээс гаргаж өгсөн, Л-д хадгалагдаж байсан баримтууд хуурамч байж болзошгүй” гэж Л-д холбогдуулан түүнийг шалгуулахаар гомдол, мэдээллийг гаргажээ.  

Уг гомдлын дагуу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гурвантэс сумын Цагдаагийн тасгийн Мөрдөгчийн тогтоолоор иргэн Л-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө уг захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр зохицуулжээ.

Тиймээс иргэн Л-д хадгалагдаж байсан, гуравдагч этгээд М-ийн шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтууд нь хуурамч эсэхийг эрүүгийн журмаар тогтоох хүртэл  Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн түдгэлзүүлэв.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Энэхүү шүүгчийн захирамжийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг бүтнээр нь үзэх бол http://www.togtool.court.gov.mn/pdf/4762.pdf

Тойм бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих